© ALDAA.MN 2011-2022
9-р сарын 29, Пүрэв
Улаанбаатар хот

Украины эзлэгдсэн бүс нутгуудыг ОХУ-д нэгтгэх асуудлаар санал хураалт явуулах тов гарчээ

Оросын хяналтад байгаа Украины дөрвөн бүс нутгийн удирдлагууд өчигдөр ОХУ-ын бүрэлдэхүүнд орох эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулах товоо зарлажээ.

Энэ нь Украины хямралыг улам гүнзгийрүүлж, Орос болон Өрнөдийн зөрчлийг хурцатгах алхам болохоор байна.

Луганкс, Донецк, Херсон, Запорожье мужуудын Москвагаас томилогдсон удирдлагууд санал хураалтыг есдүгээр сарын 23-27-ны хооронд зохион байгуулах болсноо өчигдөр зарлажээ.

Эдгээр бүс нутгууд нь Украины газар нутгийн 15 хувь болдог ба газар нутгийн хэмжээгээр Унгар, Португал зэрэг улсуудтай тэнцэх юм.

Украин болон АНУ-ын албаныхан ийм санал хуурамч санал хураалт явуулахыг эсэргүүцэж, дээрх бүс нутгуудыг ОХУ-д ийм аргаар нэгтгэсэн тохиолдолд дэлхийн олон улс хүлээн зөвшөөрөхгүйг анхааруулжээ.

Санал хураалтын товыг зарлахаас өмнө ОХУ-ын ерөнхийлөгч асан, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев ийм алхам нь буцаах боломжгүй бөгөөд нэгтгэсэн мужуудыг ОХУ хууль ёсны газар нутгаа хэмээн үзэж, хамгаалалтдаа авах нөхцөл үүсэхийг хэлсэн байна.

“Оросын нутаг дэвсгэрт халдах нь өөрийгөө хамгаалах бүх хүчийг дайчлах хэмжээний гэмт хэрэг юм. Ийм учраас уг санал хураалтаас Киев болон Өрнөдийн орнууд айцгааж байна” гэж тэр Телеграм хуудсандаа бичжээ.

Хэрвээ эзлэгдсэн нутгийн иргэд ОХУ-д нэгдэх санал өгвөл сонголтыг нь дэмжихээ Оросын парламентын доод танхим болох төрийн Думын дарга Вячеслав Володин өчигдөр мэдэгдсэн байна.

Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба ийм санал хураалт ямар ч үр дүнгүйг мэдэгджээ.

“Оросууд хүссэн бүхнээ хийж болно. Гэхдээ энэ нь юуг ч өөрчлөхгүй” гэж тэр хэлсэн байна.

Одоогоор Донецк мужийн газар нутгийн 60 хувь Орос болон Оросын талыг баримтлагч зэвсэгт хүчнүүдийн хяналтад байгаа. Украины арми одоо бүхэлдээ Оросын хяналтад байгаа Луганск мужийг чөлөөлөхөөр тулалдаж байна.

Ийм нөхцөлд бүх нийтийн санал хураалтыг ямар арга замаар зохион байгуулах нь тодорхойгүй байгаа юм. Оросоос томилсон орон нутгийн удирдлагууд өмнө нь санал хураалтыг цахимаар зохион байгуулах санааг ярьж байжээ.

Өчигдөр Украины арми Луганск мужийн Билогоривка тосгоныг чөлөөлсөн бөгөөд тус мужийг бүхэлд нь чөлөөлөх ажиллагаанд бэлдэж байна. Билогоривка тосгон нь Лисичанск хотоос баруун зүгт 10 км зайтай оршдог. Энэ хотыг урт хугацаанд үргэлжилсэн ширүүн тулааны дараа долдугаар сард Оросын цэрэг эзлэн авч байжээ.

“Сантиметр бүрийн төлөө тулаан болно. Дайсан хориглолтод бэлдэж байгаа. Тиймээс бид зүгээр л алхаад орох боломжгүй юм” гэж Луганск мужийн дүрвэсэн захирагч Сергей Хайдай сошиал хуудсандаа бичсэн байна.

Луганск болон Донецк мужуудыг бүрэн эзлэн авах нь Оросын “цэргийн тусгай ажиллагаа” гэгчийн үндсэн зорилго юм.

Харин Украины зэвсэгт хүчин зүүн хойд Харьков мужаас Оросын цэргийг ухрааж гаргасныхаа дараа Луганскийг чөлөөлөхөөр дайтаж байна.

Даваа гарагийн орой хийсэн мэдэгдэлдээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Эзлэн түрэмгийлэгчид цочролд орсон нь тодорхой байна. Манай цэргүүдийн довтлох хурдаар чөлөөлөгдсөн газрууд хэвийн амьдралдаа шилжиж эхэллээ” гэж хэлжээ.

Тэрбээр өнөөдөр Нью-Йорк хотод болж буй НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд видео холбоогоор оролцон үг хэлэх юм. Энэ боломжийг ашиглан Украинд илгээх зэр зэвсэг болон бусад тусламжаа хурдасгахыг дэлхийн улс орнуудад уриалах  бодолтой байгаагаа Зеленский ярьжээ.

 

Эх сурвалж: Reuters

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..