© ALDAA.MN 2011-2022
9-р сарын 29, Пүрэв
Улаанбаатар хот

" Цахилгаан тасарвал дулаан амьдрах нь орон сууцны айлуудад хүндрэлтэй болно"

Эрчим хүчний хязгаарлалтад орох эрсдэлтэй нөхцөлд бид амьдарч байна. Өөрөөр хэлбэл, жил тутам өсөж буй эрчим хүчний хэрэглээг шинэ эх үүсвэрээр хаах ёстой ч ойрын хугацаанд энэ нь боломжгүй гэдгийг салбарынхан хүлээн зөвшөөрсөн. 

Тухайлбал энэ өвөл цахилгааны хэрэглээ 6-7 хувиар нэмэгдэх төлөвтэйг Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх онцолж байсан юм.

Улаанбаатар хотын хэмжээнд эрчим хүчний ачаалал аваарын нөхцөлд байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Ц.Нямцэвээн мэдээлж байв. 

Эрчим хүчний доголдол энэ жил гэхэд л Амгалан дулааны станцад үүссэн. 2022 оны нэгдүгээр сарын 27-ны оройноос тус станцад тог тасарснаас сүлжээний насос зогсож, Баянзүрх дүүргийн зарим орон сууцнууд хэрэглээний халуун ус, халаалт тасарсан билээ. 

Станцын зуухнууд дээрх ус уур болон хувирч хотын дулааны сүлжээний даралт эрс өссөнөөс хоёр газар дулааны сүлжээнд гэмтэл илэрсэн. 

Амгалан дулааны станцын гэмтлээс шалтгаалж Кино үйлдвэр орчмын дөрвөн орон сууц, 19 ААН-ийн халаалт хязгаарлагдаж, зүүн түгээх төвөөс хэрэглээний халуун ус болон халаалтаа авдаг нийт 24 ус дулаан дамжуулах төвийн үйл ажиллагаа доголдсон юм. 

Орон сууцыг халаах боломж хязгаарлагдмал

Энэ мэтчилэн цахилгаан тасарч халаалтгүй болбол хамгийн хурдан авч болох арга хэмжээний талаар МУИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн эрхлэгч, олон улсын Пассив барилгын зөвлөх А.Амарбаярын зөвлөснийг хүргэж байна. 

Тэрбээр "Орон сууцанд амьдарч буй айлуудын тухайд нэн түрүүнд авч болох арга бол газан халаагуур. Төвлөрсөн халаалт зогслоо гэхэд байшингийн температур бага багаар буурна. Хэд хоногийн дотор эргэж халж амжихгүй, пааран доторх усаа юүлж гаргахгүй бол хөлдөнө. Ус хөлдөхөд эзлэхүүн нь 10 орчим хувиар тэлдэг. Тиймээс паар хагарах аюултай. 

Орон сууцыг халаах боломж их хязгаарлагдмал. Зарим цөөхөн байшинд яндан гаргаад гал түлэх боломжтой байдаг. Бүгд гал түлэх боломжгүй" гэдгийг хэлэв. 

Нарыг халаагуур болгон ашиглах тухайд "Наран тал руу харсан цонхтой айлууд тагтан дээрээ нарны зайн халаагуур тавьж болно. Гэхдээ энэ нь бүх асуудлыг шийдэхүйц дорвитой шийдэл биш. Зөвхөн нартай үед л дулаан байхад нэмэр болно. Дээрээс нь цахилгаан болгож оруулж ирж байгаад гэртээ нарны зайгаар жижиг халаагуур халааж болох юм. Гэвч энэ ч бас бүхнийг шийдэж чадахгүй.

Цахилгаан тасарвал дулаан суух нь орон сууцны айлуудад хүндрэлтэй" гэлээ. 

Эрчим хүчээ хэмнэх нь ухаалаг стратеги юм. Өөрөөр хэлбэл амины орон сууц, барилга байгууламжийн дулаан алдагдлыг эрс багасгаж, дулаалгаа сайн хийж, эрчим хүчнийг хэмнэх аргыг сонгох хэрэгтэйг А.Амарбаяр зөвлөх онцолсон юм. 

Түүнчлэн байшингаа дулаалуулснаар цахилгааны хэрэглээ хоёр дахин буурах боломжтой талаар “Дулаан шийдэл” төслийнхөн зөвлөгөө өгч байв.

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..