© ALDAA.MN 2011-2022
9-р сарын 29, Пүрэв
Улаанбаатар хот

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Япон улстай харилцаагаа сайжруулахыг уриалж, Умард Солонгост томоохон тусламж амлалаа

Солонгосын хойг Японы колоничлолоос чөлөөлөгдсөний 77 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээнд үг хэлэхдээ өчигдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл чухал саналуудыг дэвшүүлжээ.

Тухайлбал тэр хөрш Япон улстай харилцаагаа сайжруулахыг уриалж, хэрвээ цөмийн хөтөлбөрөөсөө татгалзвал Умард Солонгост өргөн хүрээнд эдийн засгийн тусламж үзүүлэхээ амласан байна.

Япон улс Солонгосын хойгийг 1910-аас 1945 оныг хүртэл колоничолж байсан түүхтэй. Үүнээс хойш таван жилийн дараа Солонгосын хойг хоёр хуваагдсан юм.

Тавдугаар сард сонгуульд ялахдаа консерватив ерөнхийлөгч Юн Сүк Ёл хөрш Япон улстай түүхэн маргаануудаа шийдвэрлэж, харилцаагаа сайжруулах амлалт авч байжээ.

“Өнгөрсөн цаг үед бид Японы эзэнт гүрний улс төрийн хяналтаас салж, эрх чөлөөгөө хамгаалах шаардлагатай байсан. Харин өнөөдөр Япон бол дэлхий нийтийн эрх чөлөөг хамгаалагч, манай түнш улс юм. Өмнөд Солонгос, Япон улсууд нийтлэг үнэт зүйлд тулгуурлан, нийтлэг ирээдүйн зүгт хөгжиж байгаа энэ үед бид түүхэн асуудлуудаа шийдвэрлэх боломжтой” гэж тэр хэлсэн байна.

Хоёр орны хооронд оршсоор байгаа түүхэн маргаануудад дайны үед солонгос эмэгтэйчүүдийг хүчээр цэргүүдэд үйлчлүүлж байсан, аж үйлдвэрийн салбарт солонгос хүмүүсийг боолчлон ажиллуулж байсан зэрэг асуудлууд багтдаг.

Өмнөд Солонгосын шүүх өмнө нь дайны үед солонгос хүмүүсийн хөдөлмөрийг мөлжиж байсан Японы компаниудаар нөхөн олговор төлүүлэх шийдвэр гаргаж байв. Бас сэкс боол болж байсан эмэгтэйчүүдийн хохирлыг Японы засгийн газраар барагдуулах шийдвэр гаргасан юм.

Гэвч Токиогийн эрх баригчид эдгээр шийдвэрүүдийг хүлээж авахгүй байгаа.

Өчигдөр бас Юн Сүк Ёл цөмийн хөтөлбөрөөсөө татгалзсан тохиолдолд Умард Солонгост өргөн хүрээнд эдийн засгийн багц тусламж үзүүлэх саналаа илэрхийлжээ.

“Хүнсээр хангах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх дэд бүтцийг бий болгоход туслах томоохон хөтөлбөр хэрэгжүүлж, худалдааг сайжруулахад чиглэсэн боомт, нисэх буудлуудыг шинэчлэх төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой. Мөн бид Умард Солонгосын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг сайжруулахад туслах, эмнэлэг, эмнэлгийн дэд бүтцийг шинэчлэхэд туслах, олон улсын хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх санаачилгыг хэрэгжүүлэх болно” гэж Юн Сүк Ёл мэдэгджээ.

Гэхдээ Пёньяны дэглэм ийм саналыг хүлээн авах магадлал маш бага байгаа. 2022 он гарсаар Умард Солонгос 30 гаруй удаа пуужин туршиж, долоо дахь удаагаа цөмийн зэвсэг туршихад ойрхон болоод байна.

Өчигдөр бол Япон улсын хувьд Дэлхийн Хоёрдугаар дайнд бууж өгсөн ойн өдөр юм.

Токио хотод хийсэн мэдэгдэлдээ Японы ерөнхий сайд Фүмио Кишида тус улс дахин хэзээ ч дайн өдөөхгүйг амлажээ.

“Бид дахин хэзээ ч дайны гамшгийг давтахгүй. Би энэ хатуу тангарагтаа үнэнч байх болно. Зөрчил мөргөлдөөнтэй дэлхий ертөнцөд Япон улс энх тайвнаар тууштай тэргүүлэгч байх болно” гэж тэр эзэн хаан Нарүхитогийн оролцсон арга хэмжээнд хэлсэн юм.

Гэвч энэ өдөр Кишидагийн танхимын зарим гишүүн дайны гэмт хэрэгтнүүдийг оршуулсан сүмд очиж, хүндэтгэл үзүүлсэн нь олон улсын маргаан дэгдээжээ.

Токио дахь Ясүкүни сүмд 19 дүгээр зуунаас хойш дайнд амь үрэгдсэн 2.5 сая япон хүний шарилыг бунхалсан байдаг. Тэдэнтэй хамт дэлхийн хоёрдугаар дайны үед Япон улсыг удирдаж байсан хүмүүс, олон улсын шүүхээр шийтгэгдсэн дайны гэмт хэрэгтнүүдийн шарил бас байдаг юм.

Уг сүмд Японы засгийн газрын эрх мэдэлтнүүд зочлох бүрд Хятад, Өмнөд Солонгос зэрэг дайнд хохирсон улсууд эсэргүүцэл илэрхийлдэг.

Өчигдөр бас Өмнөд Солонгосын гадаад хэргийн яам уг үйл явдалд албан ёсоор эсэргүүцэл илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..