© ALDAA.MN 2011-2022
8-р сарын 18, Пүрэв
Улаанбаатар хот

Юу ч хийлгүй, хамт байсныхаа төлөө мөнгө авдаг япон залуу

Япон улсын 38 настай иргэн Шожи Моримото нэгэн сонин бизнес сэдэж олсон нь маш амжилттай явааг орон нутгийн болон гадаадын хэвлэлүүд мэдээлжээ.

Тэрбээр зөвхөн түрээсээр хэн нэгэнтэй хамт байсныхаа төлөө мөнгө авдаг байна. Өөрийгөө Моримото “Юу ч хийдэггүй, түрээсийн хүн” гэж нэрлэжээ.

“Би юу ч хийлгүй, зөвхөн хамт байсныхаа төлөө хүнээс мөнгө авдаг. Тэр ч байтугай яриа өрнүүлдэггүй, зөвхөн чатаар харилцдаг” гэж тэр ярьсан байна.

Ганцаардсан хүмүүс хоолонд орохдоо, ямар нэг үйл ажиллагаанд оролцохдоо Моримотог түрээсэлдэг гэнэ.

Тэрбээр энэхүү сонирхолтой бизнесээ 2018 онд эхлүүлэхдээ Твиттер платформд “Do Nothing Rent-a-Man” нэртэй хуудас үүсгэсэн нь одоо 200,000 орчим дагагчтай болжээ.

“Хүмүүс ганцаарддаг. Зарим нь ямар нэг газарт очихдоо ганцаар байхаас ичдэг. Зарим нь зүгээр л төрсөн сэтгэгдлээ хэн нэгэнтэй хуваалцахыг хүсдэг” гэж Моримото ярьсан байна.

Өнгөрсөн хугацаанд тэр 3,000 гаруй удаа түрээслэгджээ. Өдөрт дээд тал нь гурван захиалга авдаг байна.

Зүгээр л хамт чимээгүй суугаад кофе уух, хамт хөгжим сонсох, төрсөн өдрийн бялуу хуваалцах, дэлгүүр хамт хэсэх зэрэг үйлчилгээг тэр үзүүлж байжээ.

Гэхдээ хамт гэр цэвэрлэх, хувцас угаах, нүцгэн зургаа авхуулах, хэн нэгний найз болох зэрэг хүсэлтүүдээс татгалзаж байснаа Моримото ярьж байна.

Япон улсын нийгэмд хүмүүсийн ганцаардал том асуудал болдог. 2020 онд тус улсад сүүлийн 11 жилийн хугацаанд анх удаа амиа хорлолт нэмэгдэхэд засгийн газар нь “Ганцаардал хариуцсан сайд” хэмээх албан тушаалыг бий болгож, хүн амын бууралт, орон нутгийн дахин суурьшил хариуцсан сайдад ажил үүргийг нь давхар хариуцуулж байжээ

Эх сурвалж: CBS News

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..