© ALDAA.MN 2011-2022
8-р сарын 18, Пүрэв
Улаанбаатар хот

Европын Холбооны гишүүнд нэр дэвшигчийн статусыг Украин, Молдов улсууд авлаа

Европын Холбооны 27 гишүүн орон өчигдөр Украин, Молдов улсуудад нэр дэвшигчийн статус олгох түүхэн шийдвэр гаргалаа.

Украин улсын хувьд Оросын зэвсэгт хүчин газар нутагт нь халдан довтолсны дараахан гишүүнээр элсэх хүсэлтээ гаргаж байсан юм.

Тиймээс Европын Холбоо тус улсын хүсэлтийг урьд өмнө байгаагүй түргэвчилсэн горимоор шийдсэн нь энэ ажээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский уг шийдвэрийг “давтагдашгүй, түүхэн үйл явдал” хэмээн сайшаасан байна.

Харин Европын Холбооны жинхэнэ гишүүн болоход олон жилийн хугацаа шаардагддаг.

Гишүүн болохын тулд хууль дүрмийн стандартыг нэвтрүүлэх, ардчиллын үнэт зүйлсийг баталгаажуулах, авлигаа бууруулах зэрэг улс төр, эдийн засгийн хэд хэдэн шаардлагыг хангасан байх ёстой.

“Энэ шийдвэр Украиныг төдийгүй Европын Холбоог улам хүчирхэгжүүлнэ. Энэ бол биднийг түүхийн зөв талд гаргасан, эрх чөлөө, ардчиллын төлөө шийдвэр юм” гэж Евро парламентын ерөнхийлөгч Роберта Мецола шийдвэрийг зарлахаасаа өмнө хэлжээ.

Нэр дэвшигчийн статустай болсноор шууд жинхэнэ гишүүн болох баталгаа байхгүй. Бас аюулгүй байдлын хувьд Европын Холбооноос нэр дэвшигч улсад баталгаа өгдөггүй. Харин жинхэнэ гишүүн болж чадвал аливаа эзлэн түрэмгийллээс хамгаалагдах баталгаатай болдог юм.

Европын Холбооны гишүүн болсны нэг гол давуу тал нь 450 сая хүн амтай том зах зээл үүдээ нээж, эдийн засгийн асар том боломж нээгдэнэ.

Украин улс бас НАТО-д элсэх хүсэлтээ эртнээс илэрхийлж байсан юм. Гэхдээ засгийн газрынх нь авлигын нөхцөл байдал, батлан хамгаалах тогтолцооны дутагдалтай тал, хилийн маргаан зэрэг нь үүнд саад болж байгаа.

Европын Холбоонд элсэх шалгуур нэлээд өндөр байдаг. Жишээлбэл Турк улс 1987 онд хүсэлтээ гаргаж, 1999 онд нэр дэвшигчийн статустай болж, 2005 оноос л гишүүнээр элсүүлэх яриа хэлэлцээ эхэлж байжээ. Гэвч өнгөрсөн хугацаанд гэрээний 30 гаруй заалтын зөвхөн нэг нь л хэлэлцэгдэж бэлэн болоод байна. Өнгөрсөн хугацаанд Туркийн эрх баригчдын гаргасан зарим үйлдэл, шийдвэр маргаан үүсгэснээс Европын Холбоотой хийж буй яриа хэлэлцээ нь олон удаа саатаж байв.

Туркээс гадна Балканы хойгийн хэд хэдэн орон Европын Холбоонд элсэх хүсэлтээ гаргасан ч амжилт олоогүй байна. Украин улсын хувьд Европын Холбооны хууль дүрэм, стандартын 70 орчим хувийг нэвтрүүлсэн ч авлигалаа бууруулах, улс төр, эдийн засгийн томоохон шинэчлэл хийх шаардлагатай байгаа ажээ.

 

Эх сурвалж: AFP

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..