© ALDAA.MN 2011-2022
5-р сарын 23, Даваа
Улаанбаатар хот

Эмийн чанар, хяналтын тогтолцооны талаар Хянан шалгах түр хорооноос хянан шалгах шинжээч томилно

Дотоодын зах зээлд байгаа эм өндөр хөгжилтэй орны эмтэй орц найрлагын хувьд ижил боловч үйлчилгээний нөлөөлөл харилцан адилгүй байгаа тухай иргэдийн зүгээс олон гомдол санал илэрхийлсээр байдаг. Тиймээс Эмийн чанар, хяналтын тогтолцооны талаар “Хянан шалгах түр хороо" байгуулах тогтоолын төслийг парламентын 21 гишүүн УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.

Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг 2014 онд баталсан. Энэхүү бодлогын хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудитыг Үндэсний Аудитын Газраас хийсэн. Уг дүгнэлтэд 44 аж ахуйн нэгж, эм эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгч 63 тусгай зөвшөөрөлтэй байгууллагын 84.1 хувь нь стандартын шаардлага хангаагүй эм үйлдвэрлэх эрсдэлтэй гэж үзсэн. Дотоодод үйлдвэрлэж буй эмийн 18.6 хувь, импортын эмийн 6.1 хувь нь стандартын шаардлага хангаагүй байна. 

Мөн Эрүүл Мэндийн Даатгалын Сангаас хөнгөлөлттэйгөөр олгож буй эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй. Зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувийг нь бүртгэлгүй эм эзэлж байна. 1965 онд байгуулагдсан эм шалгах лаборатори 2015 онд нэр нь өөрчлөгдөөд эмийн хяналтын лаборатори нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тус газрын тоног төхөөрөмж эвдэрсэн, зарим урвалж нь байхгүй.

Эмийн чанар, хяналтын тогтолцооны талаар Хянан шалгах түр хорооноос хянан шалгах шинжээч томилно. Дотоодын зах зээлд үйлдвэрлэж байгаа болон импортоор орж ирж буй эмүүдэд сорьцын шалгалт хийнэ. Эмийн үйлдвэрүүдийн эм үйлдвэрлэх процесс нь стандартын шаардлага хангаагүй бол шаардлагыг тавих ёстой" гэлээ. 

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, "Эрүүл мэндийн салбарын нэг томоохон бүрэлдэхүүн хэсэг болсон эмийн чанар, эм тээвэрлэх ложистикийг чанартай байлгахад тогтолцоо нь сайн байхаас өөр аргагүй. Тендерээр хямд үнэ авсаар, чанаргүй, муу эмээр эрүүл мэндийн салбар дүүрчээ.

Улмаар чанартай эмээр 7 хоногт эмчлэх хүнийг чанаргүй эмээр 14-21 хоног эмчилж байна. Өвчнийг хурдан эмчилж, хөдөлмөрийн чадвар алдалтыг багасгах нь эмийн чанартай шууд холбоотой. Тийм учраас маш чухал тогтоолыг бид өргөн барилаа" гэж мэдээлэв.

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..