© ALDAA.MN 2011-2022
9-р сарын 29, Пүрэв
Улаанбаатар хот

Оросын эрчим хүчний салбарын бас нэг бизнесмэн учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан тухай мэдээлжээ

Оросын эрчим хүчний салбарын бас нэг бизнесмэн саяхан учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан тухай орон нутгийн эх сурвалжууд мэдээлжээ.

Иван Печориний цогцсыг хоёр хоног эрэн сурвалжилсны эцэст Даваа гарагт Владивосток хотоос 160 км зайтай тэнгисийн эргээс олсныг Оросын VL.ru сайт мэдээлсэн байна.

Печорин есдүгээр сарын 10-ны өдөр хувийн завиараа аялж байгаад усанд унаж, сураггүй алга болсон тухай эх сурвалж мэдээлжээ.

Тэрбээр КРДВ буюу Алс Дорнод, Туйлын бүс нутгийн Хөгжлийн Корпорацын агаарын тээвэр хариуцсан захирал байсан юм.

КРДВ (Корпорации развития Дальнего Востока и Арктики ) нь Оросын алс дорнодын эрчим хүч, эрдэс баялгийн нөөцийг ашиглах зорилготой Путиний томоохон төслүүдийн нэг ажээ.

Печоринийг Путин өөрөө уг албан тушаалд томилсон бөгөөд тус бүс нутаг дахь Путиний “гол хүн” гэгддэг байсан гэнэ.

Хэдхэн хоногийн өмнө тэр Владивосток хотод болсон Дорнын Эдийн Засгийн Чуулганд зам тээврийн сэдвээр илтгэл тавьж байжээ.

1983 онд төрсөн Печорин энэ онд цаг бусаар нас барсан КРДВ-ийн хоёр дахь захирал болж байна.

Энэ оны хоёрдугаар сард тус корпорацын 43 настай ерөнхий захирал Игорь Носов зүрхний шигдээсээр нас барсан юм. Украины дайн эхэлснээс хойш Оросын эрчим хүчний салбартай холбоотой нийт найман бизнесмэн нууцлаг шалтгаанаар амиа алдаад байна.

Хамгийн сүүлд Оросын хоёр дахь том газрын тосны компани Лукойлын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Равиль Маганов есдүгээр сарын 1-нд эмнэлгийн цонхоор унаж нас барсан юм.

 

Эх сурвалж: Business Insider

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..