© ALDAA.MN 2011-2022
9-р сарын 29, Пүрэв
Улаанбаатар хот

Шри-Ланкийн экс ерөнхийлөгч Тайландад нэвтрэх эрх хүсжээ

Өнгөрсөн сард эх орноосоо дүрвэсэн Шри-Ланка улсын ерөнхийлөгч асан Готабаяа Ражапаксагийн Сингапурт байх визийн хугацаа дуусаж буй тул Тайланд улсаас нэвтрэх эрх хүссэн байна.

Эдийн засгийн уналтад бухимдсан олон мянган иргэн ордныг нь эзэлсний дараа буюу долдугаар сарын 14-ний өдөр тэр Сингапур улс руу ниссэн юм.

Ражапакса гадаадад дүрвэснийхээ дараа албан тушаалаасаа огцрох өргөдлөө Шри-Ланкийн парламентад цахим шуудангаар илгээж байжээ. Өнөөдөр буюу Пүрэв гарагт тэр Сингапураас Тайландын нийслэл Бангкок хотод ирэх төлөвлөгөөтэй байгааг албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Өчигдөр Тайландын гадаад хэргийн яам Ражапакса дипломат паспорттой тул тус улсад 90 хоногийн хугацаанд саатах боломжтойг мэдээлжээ.

Харин улс төрийн орогнол хүсээгүйг баталсан байна.

“Ерөнхийлөгч асан Тайландаас улс төрийн орогнол хүсэх төлөвлөгөөгүй, хугацаа нь дууссаны дараа өөр улс орон руу аялахыг Шри-Ланкийн тал мэдэгдсэн” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.

“Түүний Сингапурт оршин суух визийн хугацаа Пүрэв гарагт дуусаж байгаа. Тэр сунгах хүсэлтээ гаргасан боловч Лхагва гарагийн өглөөний байдлаар хариу ирээгүй байна” гэж Ражапаксагийн ойрын хүрээний хүн мэдээлсэн юм.

73 настай Ражапакса цэргийн хүн бөгөөд өмнө нь Шри-Ланкийн батлан хамгаалахын сайдын албыг хашиж байжээ.

Түүнийг сайд байх үед буюу 2009 онд засгийн газрын арми Тамилын Бар хэмээх салан тусгаарлагчдын хүчийг ялж, олон жил үргэлжилсэн иргэний дайныг дуусгаж байв.

Энэ ялалт нь Ражапаксагийн гэр бүл Шри-Ланкын төрийн дээд албан тушаалуудыг эзлэхэд нөлөөлсөн юм.

Түүний ах Махинда Ражапакса ерөнхийлөгч, ерөнхий сайдын албыг хашиж байсан бол дүү Басил Ражапакса нь энэ оны эхэн үе хүртэл сангийн сайдаар ажиллаж байжээ.

 

Эх сурвалж: Reuters

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..